Вашингтон хотноо болсон 20 орны дээд хэмжээний уулзалтын төгсгөлд эдийн засгийн хямралтай тэмцэх талаар тунхаг бичиг баталсан байна. Уг баримт бичигт зааснаар дээр дурдсан орнууд үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Үүнд эдийн засаг, санхүүг дэмжих, олон улсын хэмжээнд байдлыг зохицуулах шинэ аргыг боловсруулж, системийг үндсээр нь шинэчлэх явдал юм. Тодруулах юм бол хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хянах аж. Ерөнхийдөө банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг хянах нь чухал хэмээн үзэв. Түүнээс гадна ОУВС болон банкуудад хямралаас болж хүнд байдалд ороод байгаа улс орнуудад туслахыг үүрэг болголоо. Дэлхийн санхүүгийн системийн үйл ажиллагааг сэргээхэд ОУВС гол үүргийг гүйцэтгэх юм. Вашингтон хотноо болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон 20 орны төр засгийн тэргүүнүүд Сангийн яамны сайдууддаа хямралаас гарах арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх заавар өгчээ. Уулзалтын төгсгөлд гаргасан тунхаг бичигт дэлхийн улс орнууд хамтран ажиллаж, олон улсын санхүүгийн байгууллагад шинэчлэл хийхийг чухалчиллаа. Шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлж эхлэх нь чухал бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 31 буюу хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт болоход шинэчлэх ажил эхэлчихсэн байх ёстой юм байна. Дээр дурдсан орнууд нь дэлхийд хамгийн томд тооцогддог 30 банкны үйл ажиллагаанд хяналт тавих шийдвэр гаргасан байна. Чухам яагаад ингэх болсноо тайлбарлажээ. Жишээ нь Швейцарийн "UBS" банк нь дэлхийн бараг бүх орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Тус банкны актив нь Швейцарийн дотоодийн нийт бүтээгдэхүүний хэмжээнээс хэд дахин их. Тиймээс улсаас үйл ажиллагааг нь хянах ямар ч боломжгүй.
Дашрамд дурдахад Вашингтон хотноо дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн томоохон арилжааны болон хөрөнгө оруулалтын банкууд, брокерийн компани, санхүүгийн байгууллагууд нь хариуцлагагүй ажилласан гэдгээ хүлээсэн байна. Энэ нь эдийн засгийн хямралд автах болсон бас нэгэн шалтгаан болсон юм.
Оросын Ерөнхийлөгчийн хэлсэн үг олны анхаарлыг татав
Уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев Олон улсын харилцааны зөвлөлийн Вашингтон дахь салбарт зочлохдоо үг хэлсэн байна. "Wall Street Journal" сэтгүүлд бичсэнээр тэрбээр олны анхаарлыг татсан сонирхолтой илтгэл тавьжээ. Д.Медведев шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг хоёр улсын харилцааг сайжруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн пуужингаас хамгаалах системээс үүдэлтэй харилцааны зөрчилтэй асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын Ерөнхийлөгч илэрхийлжээ. Хамгийн гол нь тэрбээр Орост тулгараад буй асуудлуудын талаар илэн далангүй ярьсан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment